-6161 БА НАРИЙН ҮСНИЙ ҮЗҮҮРТ-
Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүр” ажиллагааны явцад тэтгэвэр авагч 6161 хүн төсвөөс цалинжиж байгаа талаар мэдээллээ. Ахмад ажилтан, ажилчдын цалингийн хүснэгт нь улиралд 7 тэрбум гаруй, жилдээ 31 тэрбум. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, экс Ерөнхийлөгчийн сарын цалин 20 гарам сая, жилийнх нь орлого 290 орчим сая төгрөг юм. Цалин олгогч нь Та бид. Та талх авахад үнэнд нь татвар шингэчихсэн байдаг.
Н.Багабанди, “Эрдэнэс Монгол” Зэс, металлын группын босс Х.Бадамсүрэн нарыг сая нэг жинхнээс нь тэтгэвэрт суулгасан ч 6161 ахмад бүгдээрээ өндөр цалин авдаггүй, өөрийн хүсэлтээр ч ажил хийгээгүй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр “Амьдрал баян”, асуудал олон учир төсвөөс цалин авдаг 6161 ахмад настан бүгдээрээ хүссэндээ ажиллаж буй хүмүүс биш төрийн хүсэлтээр хөдөлмөрлөж байгаа нь цөөнгүй. Хөдөөгийн сум, алслагдсан хороонд эмч олдохгүй. Тэтгэвэртээ суусан туршлагатай эмчийг урьж ажиллуулахаас өөр сонголт байхгүй тохиолдол Монголоор нэг байна.
Бодит жишээ авъя. Төв аймгийн Зуунмод хотын ТҮК 14 ажилчинтай. Ес нь тэтгэврийн насны шар хантаазтан. Тэд шүүрдүүлэх мэдэгдэл хүлээж авсан байна. Хот цэвэрлэх хүсэлтэй залуу хүн ховор учир ажил хийдэг, тэтгэврийн хэд дээрээ цалингаа нэмэрлэдэг. Шүүр ажиллагаа энэ мэт жинхнээсээ шүүр барьж, ажил хийдэг хүмүүсийг шүүрдэхгүй. Шар хантаазтангуудаа шүүрдчихвэл оронд нь амьдардаг орчин, алхдаг гудамж, нарладаг талбай цэвэрлэх хүний эрэлд гарна. Жинхэнэ шимэгчдээ олж цэвэрлэхийн тулд нарийн үстэй шүүр байж, нэрсийн жагсаалт, ирүүлсэн мэдээллийг нэггтэж бөөндөхөөс илүү нягталж хянахад анхаарах нь зүй ёсны шаардлага болж байна. Хилсээр чөлөөлөгдөх мэдэгдэл авсан гэж үзэж байгаа хүмүүс, жишээ нь Зуунмод хотын ТҮК-ийн ажилчид Засгийн газрын 1111 төвд шууд хандах боломжтой.
ТУУЛГА УУХ ЦАГ
Гаалийн 160 гаруй хүн ажлаас чөлөөлөгдсөн буюу чөлөөлөгдөх мэдэгдэл гардан аваад байгаа ажээ. Гаалийн бүх хүн шимэгч биш. Нэг ч хүн хэлмэгдэх ёсгүй учир ялгаж салгаж үзэж байгаа нь тодорхой байна. Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон, төрийн албаны шалгалт өгөлгүй хаалгаар биш тооноор орж суусан, батлагдсан орон тоог хэтрүүлсэн, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн зэрэг илтэд хууль бусаар томилогдсон бол өчиггүй шүүрдүүлж эхэлжээ. АТГ Булган аймгийн арслан, Булган аймгийн дарга О.Ариун-Эрдэнэ ХОМ худал мэдүүлснийг тогтоосон байна. 21 аймгаас өрсөлдөх чадвараараа хомоол хамдаг ядуу аймгийн баян дарга ашиг орлогоо нууж хаасан бол тэнд АН засагладаг ч гэлээ улс төр биш хууль үйлчлэх нь зүй ёсны хэрэг. Шар хантаазтан шүүрдүүлбэл хог овоорно, хомоол хамдаг аймгийн дарга явбал хог арилна. МАН-ын төр, АН-ын төр биш Монгол төр учраас улс төрийн харъяалал үл харгалзан шүүрдэх хог байвал шүүрдэж хэлснээ хийж, амалснаа ажил болгохоос өөр аргагүй. Паразитууд үүрлэн шавж, шим шүүс сордог учраас монгол төрийг хүчгүйдүүлдэг. Төр цэвэрлэх Д.Амарбаягаланд амархан баясгалантай даалгавар биш. МАН-ын генсек гэж МАН-ынхан туниж, МАН-ын генсек гэж АН-ынхан улс төржүүлээд байвал төр цэвэрхэн болохгүй. Төр бохир бол хүчгүй. Төр цэвэр бол хүчтэй. Шимэгчдээ олж шүүрдсэн төр хүчгүйдэх биш хүчирхэг болох нь энгийн логик юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй албан бичиг төрийн 3616 байгууллагад шууд хаяглагдан очсон. Амьдрал баян учраас Засгийн газраас бичиг авсан дарга, захирал, эрхлэгч нар буруу ойлгох, далимдуулж нугалах, завхруулах, хэрэгттэй хэрэггүй лавлагаа, тодорхойлолт шаардах гэх мэт жишээ баримт цөөнгүй байна. Зам тээврийн торгуульгүй гэсэн бичиг, хорооны цагдаагийн тодорхойлолт шаардсан тохиолдол ч гарч байгаа аж. Хэлмэгдсэн, анхан, дунд аливаа шатанд нугалаа завхралд өртсөн гэж үзэж байгаа албан хаагчид Засгийн газарт шууд хандах бололцоотой. Засгийн газрын 1111 төв санал гомдол шууд хүлээн авч, шийдвэр гаргагчдын ширээн дээр тэр бүхэн нь шууд тавигдана.
ТУЗ-ИЙН ГИШҮҮД 6 ДАХИН ЦӨӨРНӨ
Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, ТУЗ хэмээх данхар бүтцийг арилгах тухай гоё яриа маш их. Олон түмэн гоё үг биш бодит үр дүн нэхдэг. “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудынх нь ТУЗ-ийн гишүүн 270 байсныг 43 болгож эрс цөөлөхөөр дүрмээ өөрчилжээ. Томоохон үйлдвэрийн ажилчдын тооноос дутахгүй ТУЗ-үүд толгой дараалан алга болох нь тодорхой болжээ. “Эрдэнэс Монгол”-ын 30 гаруй компаниас ”Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Ассет менежмент”, “Эрдэнэс тавантолгой” хувьцаат, хувь эзэмшигчтэй учир хуулийн дагуу ТУЗ-тай үлдэнэ. Үлдэж буй ТУЗ-үүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөлөл байна. Хараат бус гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан, бүртгэл нь 4-р сарын 17 хүртэл үргэлжилнэ. ТУЗ-ийн гишүүд тогтмол цалин авахгүй, цагаар хөлсөө бодуулна. Нэг хүн олон компанийн ТУЗ-д байж, давхар үндсэн цалин авдаг явдал ингээд ард хоцорч байна. “Эрдэнэс Монгол”-д эхэлсэн ТУЗ-үүдийн данхар бүтэц, олон толгойтой тогтолцоог засах ажил төрийн өмчийн бусад 80 компанид мөрдөгдөнө. Тоглоомын шинэ дүрмээр төрийн өмчит компаниудын ТУЗ-үүдийн гишүүн 600 байсныг 100 болгон цомхотгож, 6 дахин цөөлөх нь тодорхой боллоо.
А.Бат
Сэтгэгдэл (7)