Үндсэн хуулийг 1992 онд баталснаар манай улсад нийгмийн шинэ байгуулал төлөвшин тогтох эрх зүйн үндэс суурь, баталгаа бэхжин бүрэлджээ. Монгол Улсын Бага Хурал 1992 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 18 дугаар тогтоолыг баталж, Сонгуулийн төв байгууллагыг УИХ-ын дэргэд байгуулахаар шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зөвшөөрснөөр Сонгуулийн Ерөнхий Хороо үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Хорооны анхны даргаар С.Лхагвасүрэн, Нарийн бичгийн даргаар Д.Баяндүүрэн, гишүүнээр Б.Авирмэд, Ч.Амарболд, О.Баяраа, Ц.Гунгаанямбуу, Б.Дангаасүрэн, Н.Батболд, Г.Маналжав, Д.Налжир, Н.Ринчиндорж, К.Тажебакед, Л.Хангай, Г.Цогтсайхан, Ж.Элбэгсайхан нар томилогдон ажиллаж байв. Сонирхолтой нь өнөөдрийн УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж таарлаа.