УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн албанд гай ч үгүй, гавьяагүй олон жил болсон нь давуу тал болчихсон. Тэр давуу талаараа өөрийн эргэн тойрон, удирдлагад байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир, заваан нөхцөл байдал үүссэн. Ямар ч гомдол гаргасан хууль зөрчөөгүй улмаас тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй.
Жишээ хэлэхэд, ямар ч байгууллагад шинэ удирдлага очлоо гэхэд дор нь хор хутгаж, бужигнуулж, хов зөөв нааш, цааш нь явуулдаг, өөрсдөд нь үйлчлээгүй хүмүүсийн зэрэг дэвийн нэмэгдэл, боломж амралт зэрэг бүх зүйлээр нь дарамталж, шахаж боодог бүлэглэл бий болчхоод байгаа юм.
Ялангуяа үйлчилгээ, боловсролын салбарт байна. Сүүлдээ аймгийн дарга, газрын дарга, УИХ-ын гишүүд рүү заналхийлсэн мессеж бичдэг даварсан төрийн албатай болчихсон байна. Энэ асуудалд хуулийн зохицуулалт яаж орж ирж байгаа вэ. Ёс зүй сахилга хариуцлагатай асуудалд энэ хууль шийдэл гаргах уу. Сонгогдсон тойргоос ялангуяа багш нараас гомдол их ирдэг" гэв.
Д.Батчулуун