Засгийн газрын зарим сайд хэвлэлд ярилцлага өгөхдөө бусдыгаа үгүйсгэсэн, буруутгасан, бүр танхимаар шийдвэрдэсэн асуудлын эсрэг үг хэлж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэлээд бухимдуулсан бололтой.
Тэрбээр Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны үеэр танхимаараа гаргасан шийдвэрийн эсрэг үг үйлдэл хийж байгаа сайд нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ гэж анхааруулжээ. Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт анхааруулсан үг аж.
Учир нь, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн төрийн албанд хууль бусаар томилогдсон албан хаагчдыг чөлөөлөх шийдвэр нь Монгол төрийг хэт хүчгүй болгоно” гэсэн байсан юм. Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын авлигатай тэмцэх "5Ш" ажиллагааны хүрээнд төрийн албанд хууль бусаар томилогдсон хүмүүсийг “ШҮҮРДЭНЭ” гэж мэдэгдсэний дараахан Хууль зүй, дотоод хэргийн сайд ярилцлагадаа ингэж үгүйсгэсэн нь “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимын зарчим байна уу?” гэх асуултыг зүй ёсоор тавих “Болзол” болоод байв.
Үүний өмнө С.Чинзориг сайд УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа 13-ын А маягтыг эрүүл мэндийн салбарынхан байх ёстой зүйл хэмээдэг гэж мэдэгдсэн нь Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сард зарласан 13-ын А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр, Цахим хөгжлийн сайд Г.Учралын энэ шилжилтийг хийх техник технологи нь бэлэн болсон гэснийг үгүйсгэсэн үг байв.
Харин өчигдрийн хурал дээр Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай Сангийн сайд Б.Жавхлан үг сөрсөн нь энэ гурван сайддаа хандан Ерөнхий сайдыг хатуухан үг хэлүүлэхэд хүргэсэн юм байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (1)