Өнөөдөр УИХ-ын чуулганаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хэдийгээр би улс эх орны хөгжил дэвшилд хэрэгтэй, сонгогчдын саналыг гээдэггүй холимог тогтолцоог дэмждэг боловч энэ удаа өөрийн бодлоосоо нэг алхам ухрахаас өөр аргагүй боллоо. Энэ бүхэн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн эрхийг барьж байгаа МАН-тай салшгүй холбоотой. Өнөөдөр төсөв данхайсан, төсвөөс хулгай хийх нь хэрээс хэтэрсэн. 2018 онд 9,6 их наядын төсвийн зарлагатай байсан бол одоо 20,6 их наяд болж нэмэгдсэн байна.
Төсвөөр дамжуулж маш их зардал гаргаж, түүнээсээ тендерээр цувчуулдаг. Үүнийгээ нөхөхийн тулд ард түмэн, ААН-үүдийг шулдаг. 2018 онд 6,2 их наядын татварын орлоготой байсан монгол орон өнөөдөр 17 их наядын татварын орлоготой болж, татвараа гурав дахин нэмэгдүүлсэн байна. Төсвөөс хулгайлдаг нь багадаад төрийн өмчийн компаниуд руу орсон. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай зэргийг дурдаж болно.
Зөвхөн "Эрдэнэс таван толгой" ХК л гэхэд 40 их наядын хохиролтой гэж байгаа. Тэр компанийн ганцхан захирал нь нэг хувийн компанитай 19 их наяд буюу манай улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний оффтейк гэрээ байгуулдаг. Ийм замбараагүй. Хулгайн мөнгөөрөө сонгогчдын саналыг худалдаж авдаг. Өнөөдөр бүр жагсаалт оруулж ирж байгаад жагсаалтын аргаар намаа санхүүжүүлээд, жагсаалтын ард нуугдах гэж байна. Би 7 сарын 15-наас хойш Ховд аймагтаа 60 гаруй, мөн 4-5 аймаг руу уулзалт хийсэн. Хулгайчдыг жагсаалтын ард нуух гэж байгааг эсэргүүцэж байна.
М.ДЭВЭЭЖАРГАЛ