УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ заалт гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулах боломжтой бөгөөд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ нь ямар агуулгатай гарсан бэ гэхээр шүүхийн шийдвэр хэлэлцэж байгаа асуудал биш.
Шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр. Гэхдээ тухайн хүн сонгогдсон төлөөлөгчийнх нь хувьд бүрэн эрх нь дуусгавар болох, чөлөөлөх асуудлыг ИТХ-аар шийдвэрлэх нь зүйтэй.
Ингэхгүй бол тухайн тойрог төлөөлөгчгүй болох, нөхөн сонгууль явуулах боломжгүй болчих учраас энэ заалтыг оруулсан. Тиймээс парламентаас баталсан хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй. Нөгөө талаар огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гээгүй. Агуулга нь огцруулах асуудлыг шийднэ гэж заасан байгаа. Тийм учраас ИТХ-аар хэлэлцэнэ, огцруулна. Хуулийн үндэслэл нь байгаа. Шүүхийн шийдвэр гарчихсан учраас санал хураагаад огцруулъя гэдэг энгийн процесс юм. Тэрнээс биш шүүхийн шийдвэрийг зөв, бурууг нь авч хэлэлцэх тухай биш" гэв.
Д.Батчулуун