УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Цэцийн шийдвэрийг би ч гэсэн хүлээн авах боломжгүй байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч ард түмний төлөөлөл учраас шүүх хүчний байгууллагаар шийдэхээс илүү ард түмний төлөөллийн шийлвэрийг харах ёстой. Төлөөллийн байгууллагууд бол ард түмний мандатыг авч ажиллаж байгаа, улс төрийн нөлөөлөлд өртөж болзошгүй этгээдүүд байдаг. Нэг хүний зөрүүг шүүхээр шийдэж болохгүй.
Үндсэн хуулийн цэц үндсэн хуулиа самарч байгаагаа хэзээ зогсоох юмбэ. Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харсан зохисгүй зүйл хийсэн. Тэрнээс болоод өнөөдөр сонгуулийн хуулийн асуудал орж ирж байна. Бид тухайн үед холимог тогтолцоог дэмжээгүй юм.
Тэтгэврийн нас нь хэтэрчихсэн, хугацаа нь дуусчихсан хүмүүс үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байна. Үүнийг болиулмаар байна. Үндсэн хуулийн цэцээсээ эхлээд Монголын төр дампуурч байна. Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байна. Үндсэн хуулийн цэц, тэтгэвэртээ гараад зөнөчихсөн байна. Үндсэн хуульд төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүсийг ингээд суулгад байж болохгүй. Үндсэн хуулийн хямрал ард түмнийг босгодог. Үндсэн хууль гэдэг бол энэ улс оршин тогтнохын эрх, хязгаар. Тэрийгээ нулимаад сууж байгаа хүмүүсээр үндсэн хуулийн цэц хийлгээд байж болохгүй. Тэтгэвэртээ гарсан улсуудаа аваад хуулийн байгууллагад өг. Хамгийн цэвэр ариун байх цэц нь ингээд сууж байхад яаж Монголын төр цэвэр ариун байх юм бэ. Оюутолгой дээр эх орноо зарчихсан байхад яах ч үгүй байна" гэв .
Д.Батчулуун