Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний яамны сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Таван толгой” ДЦС-ын төслийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Анх тогтоолын төслийг өнгөрсөн 3 сарын 22-ны өдөр ЗГ-ын хуралдаанд өргөн барьсан. Энэ тогтоолоор “Таван толгой” ДЦС нь 3х150 мВт буюу 450 мВт-ын хүчин чадалтай байх техник эдийн засгийн үндэслэл байгаа. Эхний ээлжинд 300 мВт-ын хүчин чадалтай блокийг барина. Хэрэглээ тогтворжоод ирсэн үед 150 мВт-ыг нэмж барих шийдвэр гарлаа. Хоёрт, ДЦС-ын тендэрийг хамтарсан хэлбэрээр санхүүгийн бизнесийн загвараар зарлахаар болж байгаа. Монголын талынхаа хөрөнгө оруулагч, захиалагч талын хөрөнгө оруулалтыг Эрчим хүчний яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны өмнөөс “Эрдэнэс таван толгой” ХК 100 хувь санхүүжүүлнэ.
Өмнө нь “Таван толгой” ДЦС төрийн өмчит компани дээр хөгжлийн банкнаас зээл авчихсан байсан. Үүнийг мөн “Эрдэнэс таван толгой” ХК хариуцаж барагдуулна. Урьдчилсан тооцооллоор 300 мВт-ын цахилгаан станц ойролцоогоор 600 орчим сая доллар болох төлөвтэй байгаа. Үүний 30 хувийг буюу 180 орчим сая.долларыг “Эрдэнэс таван толгой” ХК-аас гурван жилийн хугацаанд санхүүжүүлнэ гэсэн үр дүнтэй байна.
Гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд ашиглалтад орно. Төслийн санхүүжүүлэлтийн зээлийг ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх техник эдийн засгийн тооцоолол гарсан. Тухайн ДЦС-ын үндсэн хэрэглэгч нь “Оюу толгой” ХХК юм. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, үйл ажиллагаа тогтворжсон үед 2 тэрбум кВт цагийн эрчим хүч хэрэглэнэ гэсэн тооцоолол бий. Гуравдахь блокийг барьсан үед дотооддоо эрчим хүчээр бүрэн хангах бололцоо үүснэ" гэв.