Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ. Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хөдөө орон нутгаас нийслэлд ирж эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах гэж байгаа иргэд E-Mongolia системээс 13А маягтыг татаж авч, аль ч шатны эмнэлэгт үзүүлэх боломжтой боллоо. 13А маягт E-Mongolia системд албан ёсоор байршлаа.
13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг орхиж гээгдүүлснээс болоод хөдөө орон нутгийн иргэд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол гардаг байсан. Үүнээс хойш иргэд E-Mongolia систем рүү хандаж 13А маягтыг татаж авах бололцоог өнөөдөр нээж байна" гэв.