Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 49 минутад, гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсаны дараа Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуралдааны төгсгөлд “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төслийн талаар хэлсэн үгэндээ, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн Байнгын хорооноос “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг онцолсон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсний дараа гишүүдээс төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд "Тогтоолын төслийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив.
Мөн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уг тогтоолын төсөлд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэх, уг сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээ авахыг тусгасан байв. Мөн хаврын тариалалт эхэлсэнтэй холбогдуулан тариаланчдад үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг агро-технологийн хугацаанд нь цаг алдалгүй хэвийн явуулах нөхцөлийг хангах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засаглалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийн болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн хуулийн этгээдтэй өрсөлдөхгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тус тус тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.