УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш жил гаруй хугацаанд хэлэлцүүлэг хийгдлээ. Маргааш анхны хэлэлцүүлэгийг хийнэ. Зургаан сарын хугацаанд эрдэмтэн судлаачид, аймаг, нийслэлд олон хэлэлцүүлгүүдийг хийж, уг хуулийн төслийн боловсруулалтыг нарийвчилсан.
Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих хооронд стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан. Хэм хэмжээ ёс зүй алдагдсан.
Төрийн албанд ёс зүйг хуульчилж байж хууль зүйн амин сүнс, уг үндэс нь тогтоно. Ёс зүй, ёс суртахуун байж байж л хууль хэрэгжинэ. Зан заншлын хууль байснаар хууль хэрэгжих хөрс суурь нь бүрэлдэнэ. Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж байгаа. Энэ бол төрийн албан хаагчдын нэр хүндийг өргөх асуудал.
Ганц хоёр үл бүтэх нөхдүүдээс болоод төрийн албан хаагчдын нэр хүнд бүхэлдээ унаж таарахгүй. Энэ бол төрийн албан хаагчдыг хамгаалах гэж байгаа хууль. Монгол Улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага ажилладаг. Эдгээр байгууллагуудад бүгдэд нь төрийн албаны ёс зүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогоор 2691 ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Дур дураараа, танил талаараа хэдэн хүн томилогдоод явж байна. Иргэдийн хяналтыг бий болгоно. Иймд Ёс зүйн хороог Төрийн албаны дэргэд байгуулна" гэв.
Д.Батчулуун