УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж Улс төрийн намын тухай хуульд АН-аас баримтлах ёстой байр суурийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид таван зүйлийг зармын хувьд баримталж байна. Тухайлбал, Монгол Улс улс төржсөн улс болсон. Сонгуулийн насны хүн амын долоон хүн тутмын нэг нь аль нэг улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхий дээр хамгийн олон гишүүнтэй гэгдэж буй өмнөд хөршийн коммунист намын гишүүдийн тооноос бараг хоёр дахин их хүн намын гишүүн байгаа юм. Тиймээс намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудалд АН анхаарч ажиллаж байна.
Хуулийн төсөлд төрийн санхүүжилтийн механизмыг оруулж ирж байгаатай холбоотойгоор улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хандив, гишүүдийн татварын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой.
Түүнчлэн улс төрийн намуудад хуулиар тогтоосон бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай. Ялангуяа харилцан бие биеэ хянадаг байх зүйлийг хуульд тусгах хэрэгтэй. Улс төрийн нам бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг, дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх ёстой. Өмчийн асуудлыг хуулиар зохицуулж өгмөөр байна" гэв.
Д.Батчулуун