Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр ХХААХҮ-ын сайд асан Т.Бадамжунайг нэрлэж байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй таван “ш” ажиллагааны нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь авчрав. Тэрбээр 2000 онд анх улс төр хэмээн их өргөөнд хөл тавьж байжээ. Тухайлбал, Инженер, эдийн засагч мэргэжилтэй энэ эрхэм 2000 онд “Меркури” группийн дэд ерөнхийлөгчөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер болсноор Монголын улс төрд хөл тавьсан гэдэг. Ийнхүү улс төрд 18 жил зүтгэсний эцэст буюу 2018 оны сүүлээр эх орноосоо нууцаар явсан. Түүнээс хойш Монголдоо ирэлгүй тав дах жилийнхээ нүүрийг үзжээ. Тухайн үед онгоц, ядаж галт тэргээр бус машинд суугаад Замын-Үүдээр хил гарсан гэдэг. Ийнхүү эх орноосоо нууцаар гарсан түүнийг 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Засгийн газрын улстөрч шувуу шүүрэн авчрав.
Тэртээ 2000 оноос өнөөдрийг хүртэлх түүний туулж ирсэн замыг эргэн мөшгөхөд газрын наймаа, албан тушаалын наймаа, авлигын гэмт хэргүүд асар олноороо илэрнэ.
Тухайлбал, М.Энхболдыг хотын дарга байхад Т.Бадамжунай хотын ерөнхий менежер байв. Тэд дөрвөн жил хотын удирдахдаа дархан цаазат Богдхан уулын амны газруудыг дамлан зарж, хотын А зэрэглэлийн байршил сайтай газруудыг худалдсан гэдэг. Үүний дараа 2004 онд М.Энхболд, Т.Бадамжунай нар УИХ-ын гишүүн болсноор тэдний албан тушаалын наймаа эхэлсэн юм. Иймд түүнийг нэг сар цагдан хорьж, дээрх хэргүүдийг шалгахаар болов. Ажиглагчдын үзэж буйгаар Т.Бадамжунайн хэрэг Т.Бадамжунайгаар дуусахгүй, харин эхэлнэ хэмээж буй юм. Тэгвэл энэ хаврын улс төр хэрхэх бол...
Д.Батчулуун