УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Халзан бүргэдэйн асуудлаар арваннэгдүгээр сард асуулга тавьсан. Засгийн газар одоо болтол хариу өгөхгүй байна. Үүнд УИХ-ын удирдлага анхаармаар байна.
УИХ, Засгийн газар Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж удаа дараа ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр ам, ажил хоёр чинь алд дэлэм зөрж байна, эрх баригчид аа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад гурван долоо хонолоо. Гэтэл өнөөдөр уг хуулийн төслийг ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод тус хуулийн төслийг оруулж ирэхгүй байна вэ. УИХ-ын Дэгийн тухай хуульд байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг тухайн долоо хоногт нь багтааж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлдэг дэгтэй. Гэтэл уг хуулийг гурван долоо хоног өнгөрчихөөд байхад оруулж ирэхгүй байна.
Том дарга нарын эрх ашиг хөндөгдсөн асуудлууд бий. Тус хуулийн хэлэлцүүлэгт шударга дарга Б.Энхбаяр нэлээд таагүй хандаж байсан. Б.Энхбаяр дээр гацаад байна уу, Авлигатай тэмцэх лоозон бариад уриалж байгаа Г.Занданшатар дарга дээр гацаад байна уу гэдгийг ард түмэн асууж байна.
Монгол Улсын эрх ашиг, хууль дээдлэх зарчим нийцүүлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)