Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хэлбэр, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төсөл батлагдсанаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэнэ.
Мөн төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр тодорхой болж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх, түгээхтэй холбоотой үе шат бүрд бүртгэл, мэдээллийн тогтолцоо нэвтэрч, соёлын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хэмжих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар сайжирч, гадаад зах зээлд өрсөлдөх боломж бүрдэн, ажлын байр нэмэгдэж, Монгол хүний шавхагдашгүй баялаг оюуны бүтээлийг сурталчлах, эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бүрдүүлэх юм.