Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол улсаас экспортод гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлага бий. Энэ бол Засгийн газраас байгуулсан Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны цаашдын гол зорилго юм. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” ХХК нь хөрөнгө босгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал дээр бусад төрийн болон хувийн хэвшлийн компаниудыг манлайлан оролцох бүтэц болон хувирч байна.
Тиймээс зэс хайлуулах үйлдвэр, ган боловсруулах, гангийн үйлдвэр, кокс нүүрсийг гүн боловсруулах зэрэг ашигт малтмалуудаа дараагийн шатанд гаргаж, нэмүү өртөг шингээх зайлшгүй шаардлагатай болж байна.
Энэ ажлуудыг "Эрдэнэс Монгол" ХХК-аас хувийн хэвшлүүдтэй хамтарч хийх үү, гаднаас хөрөнгө босгох уу эсвэл өөрийн хүч боломжоор хийх үү зэрэг асуудлаар манлайлан оролцох чиглэлийг Монгол улсын засгийн газраас гарган ажиллаж байна.
Өнгөрсөн 2022 оны ажлын гүйцэтгэлийн хувьд Уул уурхайн яамнаас “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Компаниудаас хангалттай, хангалтгүй гэсэн олон янзын дүгнэлт гарсан. Харин 2023 оны төлөвлөгөө, бодлогын чиглэлийг гаргаж, Уул уурхайн яамнаас баталсан. Энэ чиглэлийн хүрээнд Д.Амарбаясгалан даргад тайлангаа өгч байгаа. Цаашид Эрдэнэс Монгол компани уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, хэрэгцээ нь их байх уу гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүнээс Монгол улсын эдийн засаг, төсөв зэрэг бүх зүйл хамааралтай байгаа бол уул уурхайн бүтээгдэхүүний ирээдүйн төлвийг тодорхойлж, бэлэн байх бодлогыг яамнаас гаргаж байна.
Бидний өмнө тулгамдаж байгаа зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргах асуудал. Үүнийг уул уурхайн яам, “Эрдэнэс Монгол” компани бодлогын хэмжээнд тавин ажиллаж байна. Цаашид “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-гоор дамжуулан тухайн компани дээр бодлогоо хэрэгжүүлж, экспорт болон ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх зэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна" гэв.
М.Дэвээ