Засгийн газраас зарласан Шилэн ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны Сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт бид есөн байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг нээлттэй болгосон бол өнөөдрийн байдлаар системд 18 байгууллагын 13586 мэдээлэл нээлттэй болсон байна. Өнөөдөр улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олгосон байна. Үүнээс эхний ээлжид Богдхаан уулын дархан цаазат газрын 2973 га, Хөвсгөлийн байгалийн цогцолбор 501 га газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээллийг ил тод болгож байна. Газар эзэмшигчээр нь авч үзвэл, 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га газар олгосон байна. Тухайн газрыг эзэмшиж байгаа нь хууль бус биш, гол нь нээлттэй болгох үүргийг төрийн байгууллагууд хүлээж байгаа. Нээлттэй болгосноор иргэд төрийн үйл ажиллагааг 24/7 хянах боломж бүрдэж байна. Эдгээр тусгай хамгаалалттай газрын эзэмшиж байгаа эзэмшигч нар газрынхаа төлбөрийг төлөөд зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд хяналт тавьж болно.
Нээлттэй мэдээллийн үнэлгээг өнгөрсөн долоо хоногийн хувьд аймаг нийслэлийн хүрээнд хийхэд 43,03 хувьтай байсан бол долоо хоногийн дараа 47,3 хувиар өссөн. Яамдууд дунджаар 66,09 хувьтай байсан бол одоо 71,53 хувь болж өссөн.
Мөн shilen.gov.mn дээр БОАЖЯ-наас олгож буй байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг мөн нээлттэй болгож байна. Улсын хэмжээнд нийт 23 засгийн газрын тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг шилэн болгох талаар холбогдох яамд, сайдуудад хүргүүлсэн. Тухайлбал,
- Байгаль орчин, уур амьсгалын сан
- Боловсролын зээлийн сан
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
- Шинжлэх ухаан технологийн сан
- Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан
- Улсын авто замын сан
- Спортыг дэмжих сан
- Соёл урлагийг дэмжих сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан
- Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ил болгооч хэмээн санал хүргүүлсэн.
Шат дараатайгаар долоо хоног бүр shilen.gov.mn мэдээллээд явна" гэв.
Д.Батчулуун