Манай сайтын цоо шинэ булан болох “Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Нүүрсний гэх хэрэгт холбогдсон гурван гишүүнийг нэрлэж байна.
Нүүрсний хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүний дагуу уг асуудлыг УИХ-ын чуулганаар найман цаг хаалттай хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, УИХ-ын чуулганд нийт 65 гишүүн оролцож, дээрх асуудлыг шийдвэрлэв. Гишүүдийн олонх нь Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг түдгэлзүүлэхийг дэмжсэн бол Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Санал хураалтын дүнг танилцуулбал,
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- Нийт 65 гишүүний 35 нь түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 30 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- Нийт 65 гишүүний 47 нь түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 18 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- Нийт 65 гишүүний 27 нь түдгэлзүүлэхийг дэмжсэн бол 38 нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Ийнхүү уг асуудал , Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын хороо, УИХ-аар хэлэлцэгдсэний эцэст Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нар шүүхээр дэнслүүлэхээр болж буй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр буруутгагдаж байгаа. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татсан юм.
Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал МАН олонх болж буй сүүлийн хоёр парламентын хугацаанд анх удаа болж байна.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, ЖДҮ, хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг Улсын Ерөнхий прокурор оруулж ирж байсан ч МАН-ын гишүүдийн олонх бүрэн эрхтэй нь үлдээж байв. Үүнтэй адил энэ удаагийн хэргийг өмгөөлж үлдсэн бол МАН өөрөө эрсдэлд орно. Үүнийг тэд тооцоолсон биз ээ.
Д.Батчулуун