УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. УИХ-ын даргын захирамжаар уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. АН, МАН, ХҮН намын төлөөлөл тус ажлын хэсэгт багтсан.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон. Энэ дагуу зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах үүрэгтэй.
Гуравдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хурлаар саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна.
Сонгуулийн хуульд оруулах таван өөрчлөлтийг хэлье.
- Сонгуулийг холимог системээр явуулдаг болохыг намуудын төлөөлөл дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал тогтолцоо байх юм.
- Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авахтай холбоотой асуудлыг төсөлд тусгасан.
- Улс төрийн намуудад босго тавьдаг. Энэхүү босго таван хувь байгааг гурав болгох ёстой гэж үзэж байгаа.
- Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд энэ тоо 20 хувь байгаа.
Сонгуулийн тухай хуульд ерөнхий агуулгаар ийм таван асуудалд төвлөрч байгаа. Уг хуулийг ирэх долоо хоногоос УИХ-аар хэлэлцүүлэх бодолтой байна” гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн "Үндсэн хуулиар гишүүдийн тоо 76 байх ёстой. Тиймээс уг хуулийн хүрээнд асуудлаа өргөн барих ёстой. Намаар нэр дэвшиж буй 38 хүн нэрсийн жагсаалттай байна. Сонгогч саналаа өгөхдөө намыг нь, нэрийг нь ч хардаг системээр хуулийн төсөл өргөн барьж байгаа. Сонгогч намын нэрээр янз бүрийн хүмүүс сонгогдож байна хэмээн шүүмжилдэг учраас нэрийг нь харж сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн" гэв.