Хятад хүмүүс уурхай дээрэмдсэн хэрэгт нэр холбогдсон асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тайлбар хийлээ.
Тэрбээр, Зохион байгуулалттайгаар намайг гүтгэсэн мэдээлэл гарлаа. "Зөв.мн" гэх сайтад "Ноцтой Хятад зэвсэглэсэн этгээдүүд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байжээ" гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан.
Намайг огт холбоогүй хэрэгт гүтгэж 300 мянган хүнд тус мэдээлэл нь хүрч, 5000 хүн шэйр хийж, 2000 хүн сэтгэгдэл бичсэн байна. Сүхбаатар аймагт ямар нэгэн зэвсэглэсэн этгээдүүд үйлдэл хийгээгүй гэдгийг тус аймгийн Цагдаагийн газраас өгсөн. Андын элч уурхайн ТУЗ-ийн дарга ямар нэг үйлдэл болоогүй, хамааралгүй гэдгийг хэлж байгаа.
1996 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 7-р хорооны Ж.Доржсүрэн гэж хүн тус уурхайг нээж байсан. Ингээд Хилийн цэрэгт энэ уурхайг шилжүүлсэн юм билээ. Энэ хүн хорь гаруй жил хууль хяналтын байгууллагаар өөрийг нь хохироосон асуудлаар явсан байдаг. Миний бие Сүхбаатар аймгийн засаг даргаар 2008-2016 он хүртэл ажилласан. Тухайн үедээ тус уурхайн асуудлыг судалж үзэхэд 51 хувийг гадаадын компанид зарсан гэдгийг олж мэдсэн. Ингээд 49 хувийг нь 2015 оны долоодугаар сарын 20-ны өдөр аймгийн ИТХ-д авч өгсөн. Ингээд 2016 оны долоодугаар сард ажлаа хүлээлгэж өгсөн.
Би засаг даргаар ажиллах хугацаандаа ямар нэг уул уурхайн лиценз авч байгаагүй. Улс төрийн шинжтэй, нүүрсний хулгайд холбогдуулах гэсэн өдөөн хатгалаг явагдаж байна гэж үзэж байна. Улс төрчийн хамгийн чухал зүйл нь нэр төр байдаг. Н.Лутбаяр гэдэг хүнтэй холбосон байна лээ. Би засаг дарга болсныхоо дараа тэр хүнийг харин ажлаас нь халах шийдвэр гаргаж байсан.
Тэр хүн нь тус уурхайн хятад талын тавьсан хүн юм. Энэ хэрэгт хэрвээ намайг буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байна. Гэхдээ тус асуудал нь огтоос худал мэдээлэл юм. Тус мэдээллийг гаргасан сайтыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна гэв.
Сэтгэгдэл (1)