ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн“ ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Засгийн газрын 352 дугаар тогтоолоор шалгуур үзүүлэлт, үнэлгээ хийх журмыг баталсан. Энэ хүрээнд ЦХХХЯ энэ мэдээллүүдэд үнэлгээ хийж байгаа. Өнгөрөгч оны 12 дугаар сард төрийн бүх байгууллагууд руу хуулийн хүрээнд мэдээллээ ил болгох шаардлагыг хүргүүлсэн. Үнэлгээг 7 хоног бүр хийгээд явж байгаа. Гэтэл цахимжилт явж байна, иргэнд мэдээллийг ил тод байлгаж байна гэж ярьж байгаа мөртлөө яг үнэндээ 8 жилийн өмнө хуучирсан баримт тавьчихсан сайттай төрийн байгууллагууд хүртэл байна.
Жишээлбэл, дундаж хэрэгжилт аймгуудад 43 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, хагас дутуу нээлттэй байна. Мэдээлэл ирүүлэх тухай албан бичигт 21 аймгаас 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Тиймээс мэдээллийг ил тод болгоход саад учирч байна. Төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй болгох үүргээ биелүүлэхгүй байна.
Шилэн ажиллагааны үндэс суурь нь мэдээллийг ил тод болгохоос эхэлж байгаа. 5-Ш ажиллагааны хүрээнд мэдээлэлд анализ дүгнэлт хийж, түүнийг шүгэлдэж, шүгэлдсэн зүйлийг шүүрдэж, дараагаар шилжүүлэн авч шувуугаар авч ирэх зорилтуудыг хийж байгаа юм. Shilengov.mn мэдээллийн нэгдсэн платформ дээр холбогдох мэдээллийг нэгтгэж, иргэдэд дүн шинжилгээ хийж илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар хүргэхээр болсон.
Shilengov.mn-ээр 2590 хуулийн этгээд, үүнээс 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчийг нээлттэй болгож байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасанчлан 68 мэдээллийг ил тод болгож байгаа.
Ингэснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага илүү эх сурвалжтайгаар мэдээллээ хүргэх боломж бүрдэнэ" гэлээ.