Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн 1997-2023 оны мэдээллүүдийг ил байршуулж буй талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тухайлбал, уг сангийн зээлээр гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг олон нийтэд ил тод болгосон. Эдгээр зээлүүд нийтдээ 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэлийг Боловсролын зээлийн санд үүсгээд буй. Иймд Боловсролын зээлийн сангаас авсан зээлийг төлүүлэх ажлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.
Ийнхүү дээрх 421 суралцагчийн мэдээллийг хянаж үзвэл эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд Боловсролын зээлийн сангаар суралцсан, суралцаж буй болох нь тогтоогдож байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Т.Бадамжунай нарын хүүхдүүд Боловсролын зээлийн сангаар суралцжээ.
- УИХ-ын гишүүн Раднаасэдийн охин Сийлэн
Тэрбээр АНУ-ын “Вашингтон Их сургууль”-д Хууль, эрхзүй чиглэлээр дөрвөн жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 165,804.00 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
- УИХ-ын гишүүн асан Д.Батцогтын Анударь, Номундарь
Б.Анударь нь Английн “Кингс Коллеж Лондон” сургуулийн соёлын чиглэлээр гурван жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 68,875.00 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
Б.Номундарь нь Английн “Лондон Коллеж”-д эдийн засгийн чиглэлээр гурван жил суралцжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 66,674.00 ам.долларын зээлээр суралцсан байна. Одоогоор зээл эргэн төлөгдөж дуусаагүй байна.
- УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн охин Оюунбилэг
Тэрбээр Канад улсын “Ватерлоо” их сургуульд суралцаж төгсжээ. Ингэхдээ Боловсролын зээлийн сангийн 32,000.00 ам.долларын зээлээр суралцсан байна.
Дашрамд, Боловсролын Зээлийн Сангаас гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцагчдад
- 2020 онд 2.5 сая ам.доллар
- 2021 онд 3.8 сая ам.доллар
- 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)