УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "МАН 65 суудалтай болоод, долоо найман жил болчихлоо. Дараалаад явсан үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн юм уу? Сая би орон нутагт, тойргоороо явж байгаад ирлээ. Тэнд амьдрал маш хүнд байна. Засгийн газартай юм уу, үгүй юм уу?
Аравхан жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр гурван хүний хоёр нь ядуу байна. 17, 18 яамтай, 20-иод сайдтай. Төрийн албан хаагчдын тоо нь 200 мянга болчихсон. Төрийн өмчит компаниуд нь 50, 60 хувьтай. Ийм байх ёстой юм уу? Энэ хэзээ өөрчлөгдөх вэ? Ардчилсан намын үед 9 яамтай, 10 сайдтай ажиллаж болдог байсан.
Ядуурлын тоо 25 хувь руу очиж, төрийн оролцоо бүр 20 хувь руу орсон. Төрийг төлөөлж суманд ажиллаж байгаа багийн дарга нар, төрийн албан хаагчид томилолтын зардал ч үгүй байна. Өнөөдөр багийн дарга нар 20-хон литр бензинтэй явж байна. Эмч нар дуудлага явахдаа бараг зодуулж байна. Ард түмний бухимдал тиймдээ тулсан байна. Засгийн газрын бодлого тодорхойгүй, нэг өдөр бид үйлдвэрүүдээ дэмжиж байна гээд самнасан ноолуур гаргана гээд хааж, нээдэг. Одоо ноолуурын үнийг 10 мянган төгрөгөөс л эхлэхгүй бол төрийн албан хаагчид орон нутагт очиж чадах ч үгүй. Ерөнхий сайд чинь хаачсан юм бэ. Ерөнхий сайд нь байхгүй байхад Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярина гэж юу байх вэ дээ" гэв.
Д.Батчулуун