УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөдөө аж ахуйг хөгжүүлж, хувийн хэвшлээ дэмжинэ гэдэг агуулга зорилго нь зөв сонсогдож байна. Хөгжлийн Банк ч бас улс орны хөгжлийг өөд нь татах төсөлд зээл өгнө гэж байсан. Гэтэл хэлбэр нь болохгүй байна.
МАН-ын бодлого гээд 10 их наяд төгрөгийн зээл өгөөд л бүх хүнийг ядуурлаас гаргана гэсэн ч жижиг бизнес эрхлэгчдэд тэр зээл очоогүй. 10 их наяд төгрөгийн зээл банкуудад очсоноос долоо хоногийн дараа Монгол Улсын хадгаламж тав дахин өссөн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга ярьж байсан. Хүмүүсийн итгэлийг сулруулсан зүйл болчих вий. Өнөөдрийн яригдаж байгаа корпорац том, жижиг бизнес эрхлэгчдийн алийг нь дэмжих вэ?
Тариалан дэмжих сан гэж байхад томоохон компаниуд зээл авсан. Зээл нь төлөгдөөгүй учир бүх материалыг нь жалганд аваачиж шатаасан гэдгийг тухайн үед хэвлэлээр бичиж байлаа.
Өмнөх өрөө яаж барагдуулах юм бэ? Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг ил болгох хэрэгтэй" гэв.