УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бүлгийн хурлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг бүлгийн хурлаар хэлэлцэж баталлаа. Намрын чуулган завсарласан хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналыг нэгтгэж танилцсан. Хаврын чуулган бол УИХ-ын ээлжит тав дахь чуулган. Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалын жил болгосон. Тиймээс энэ чиглэлийн хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй гэж үзлээ. Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч хэд хэдэн хуулийг ээлжит чуулганы эхэнд батлах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Энэ хүрээнд Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал зэрэг хуулийг УИХ ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.
Эдийн засгийн чиглэлийн хувьд Үндэсний баялгийн сан, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын зэрэг хуулийг батлах хэрэгтэй байгаа.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөл бий. Нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн гаргасан 10 саналыг нэгтгээд Засгийн газарт хүргүүлнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Арилжааны банкуудын зээлийн хэмжээг нэмэх, мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх, 1,072 хувьцааны ногдол ашиг олгох, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг санал байгаа юм" гэв.
Д.Батчулуун