Хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улс ДНБ 13 тэрбум доллар үйлдвэрлэдэг боловч, 33,9 тэрбум долларын өртэй болчихсон. Саяхан төр барьж байсан эрх баригчид 2016 онд Монгол Улсын нэг хүн 15 сая төгрөгийн өртэй болчихлоо. Ямар ч амьдрах боломжгүй боллоо. Тэнгэр нурж, газар цөмрөх гэж байна гэж байсан. Гэтэл одоо нэг хүн 33 сая төгрөгийн өртэй болчхоод байхад дуугарахгүй байна. Мөнгө үйлдвэрлэдэг, нэмүү өртөг үйлдвэрлэдэг ААН-үүдийн хохирлыг шат дараатай бууруулахгүй байна. Зарим нэг нь төрөөс дэмжиж байгаа гэх боловч тэр бол өөрсдийнх нь хамаарал бүхий энд хамаарагдаад байна.
Валютын ханш өнөөдөр рекорд амжилтыг бий болгочихсон байна. Доллар 1400 хүрлээ гээд нойлийн цаас бариад, мөнгө төгрөг бариад дэвхцээд байсан. Гэтэл өнөөдөр бараг 4000 төгрөг дөхчхөөд байна. Одоо дэвхцэж байгаа хүн харагдахгүй юм тэр 62-ийн бүлэгт.
Ингээд хүч төвлөрүүлээд өгөөч гээд 2016 онд 65 суудал, 2020 онд 62 суудал. Бүх эрх мэдлийг 100 хувь өгчхөөд байхад бид нарын амьдралыг хамгаалах ямар ч шүхэргүй болчлоо. 2022 он гарсаар инфляц хоёр оронтой тооноос буурахгүй байна.
Дэлхийн банкны бизнес эрхлэхүйн судалгаагаар Монгол Улс 58 дугаарт байсан бол 81-т орж, 23 байраар ухарлаа. Дэлхийн эдийн засгийн форумын хүрэлцэх индекс 10 байраар ухарлаа. Хүчээ нэгтгэсэн байгаа боловч ардчиллын индексээр 16 байраар ухарлаа. Саяхан нүүрсний хэрэг, Хөгжлийн банк гэж ярьж байгаа нь сайн боловч ЖДҮ юу болсон бэ. Концесс юу болсон бэ. Энэ бүх зүйлүүдийг цэгцэлье гээд Үндсэн хуулийг өөрчилсөн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээс хойш сахил хүртээд шал дордов гэдэг зүйл болж байна. Үндсэн хуулийн цэцтэй хамтраад давхар дээл өмссөн. Давхар дээлд нь бүх нүүрсний хулгайч нар хавчуулагдчихлаа. Дахиад үндсэн хуулийг өөрчилье гэж ярьж байна. Өөрчилснөөр бидний амьдрал сайжрахгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)