УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Орон нутгаар явж ард иргэдийн санад бодлыг сонслоо. Бид сүүлийн жил гаруй хугацаанд шударга ёс, төрийн албаны хүнд суртал, авлига ярьдаг болсон. Үүнийг ярихаас өөр сонголтүй болсон. Үүний хажуугаар хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ урд хожид байгаагүйгээр нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтож байна. Нийслэлээс алслагдсан баруун бүс нутагт цалин хөлс, амжиргааны наад захын түвшинг хангаж чадахгүй байна.
Төрийн жирийн албан хаагчид, тэтгэврийн ахмадууд, урлаг соёлынхон үнийн өсөлт, эдийн засгийн хямралын нэрмээс болж байна. Бид энэ асуудлыг хугацаа алдалгүй шийдэх ёстой. Энэ бол нийгмийн захиалга болсон асуудал. Өнөөдөр урлаг соёлын байгууллагынхан тэтгэврийн доод хэмжээгээр цалин авдаг. Энэ хүмүүсийн асуудлыг хариуцсан яам яагаад орхигдуулж байна вэ.
Манайх бол импортоос хамааралтай эдийн засагтай улс. Хил гааль нээгдэж, худалдааны эргэлт сайжирсан байхад тээвэр логистикийн үнэ буухгүй байна. Үнийн хөөрөгдөл хэвээрээ байна. Үүнд УИХ дүгнэлт хийгүй юм уу. Иргэд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтад сөхөрсөн байна" гэв.
Д.Батчулуун