Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гэрч Я.Санжмятаваас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: ЖДҮДС-аас олгосон зээлд тухайн үеийн улс төрд нөлөө бүхий хүмүүс нөлөөлсөн үү. Эргэн төлөлтөд яагаад хяналт тавьж чадаагүй вэ. Засгийн газрын хуралдаануудад мэдээллийг хэр өгч байсан бэ?
Гэрч Я.Санжмятав асуултад хариуллаа. Тэрбээр "ЖДҮДС-ийн хэмжээн дээр хязгаар тавьсан. Энэ бол 2013 оны шийдвэр. Ингэж хязгаар тавьж өгөөгүй бол нэлээд замбараагүй явчих гээд байсан. Тухайлбал, 11 тэрбум төгрөгөө томоохон хүнсний агуулах худалдаад авчихсан зүйл намайг ажил авахын өмнө гарсан шүү дээ. Үүнийг цэгцлэе хэмээн сан дээрээ 1.5-аас доош, аймаг орон нутаг, нийслэл дээрээ хязгаар тавьж өгснөөр тодорхой хэмжээнд цэгцэндээ орсон гэж би боддог. Ер нь бол ЖДҮДС-аас авсан зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Учир нь зээлийн хэмжээ харьцангуй бага байдаг. Мөн янз бүрийн нөлөөлөлтэй хүмүүс бага. Нэг хоёр ажлын байраа 2,3 болгох гэсэн 10-ыгаа 30 болгох гэж мачийсан хүмүүс байдаг учраас магадгүй Хөгжлийн банкнаас авсан зээлүүд дотроос Хөдөлмөрийн яамаар дамжсан 100 тэрбум төгрөгийн төсөл байгаа бол эргээд 95 тэрбум нь төлөгдсөн байх хэмээн харж байна.
Ямар нэгэн байдлаар улс төрийн гэдэг юм уу албан тушаалтаны нөлөө байгаагүй. Би хүний нөлөөгөөр ч ажилладаг хүн биш. Тийм ч учраас надтай хамааралтай янз бүрийн асуудал гарахгүй. Үүнийг бардам хэлнэ" гэв.
Д.Батчулуун