Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраас дахин 300 гаруй киоскийг нийслэлд байршуулахад бэлэн боллоо. Нэг цэг дээр очиход оператор газар дээр нь шийдвэр гаргадаг үйлчилгээний 139 төрлийг нэг цэгүүдээр киоскоор авах боломжтой болгоно.
Лавлагааг үнэ төлбөргүй болгосон. Өнөөдөр лавлагааны загваруудыг баталж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа зургаан цэгийн үйлчилгээнд нэмэгдүүлэн шуудан компанийн 28 салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Мөн хүмүүс ихтэй газар нэг цэгийн үйлчилгээний операторуудыг ажиллуулна.
Таван "ш" ажиллагааны хүрээнд "Шилэн" ажиллагааг хариуцах үүргийг авлаа. Манай яамны ажил нь ч үүнд чиглэсэн. Хүн хооронд харилцаа үүсдэг учраас авлига байдаг. Тиймээс технологид суурилсан шийдэл бий болгох шаардлагатай.
Гуравдугаар сарын 28-аас зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Хууль эрхзүйн түгжээнээс гарах шаардлага бий. Зөвшөөрлийг заавал цаасаар хэвлэхийг хуульд бичсэн байдаг тул хуулийг өөрчлөх шаардлагатай. Үүнийг хуулийн өөрчлөлт боловсруулж энэ хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ. Мөн уул толгод болгоныг шууд шилэн кабелаар холбох боломжгүй. Иймд SpaceX тэргүүтэй компаниудтай хамтран сансрын интернэтийг хэрэглэх орон зайг бий болгож чадвал алслагдсан газар амьдардаг иргэд өндөр хурдны интернэт ашиглах боломж бүрдэнэ. Энэ ондоо багтаж бүх сумыг шилэн кабелд холбож дуусгана" гэв.