Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаасаа гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулахдаа “Төрийн албаны хүнд суртал, төрийн албанд хууль бусаар томилогдсон, албан тушаалд ах дүү, хамаатан садны давуу байдлыг бий болгон төрийн албанд ажиллаж байгаа хэсгийг илрүүлж, хариуцлага тооцох, бусдын боломжийг хулгайлсан хэсгийг илрүүлэх ажлыг АТГ болон Төрийн албаны зөвлөлтэй хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болж байна.
Монгол Улсын төрийн албанд өнөөдрийн байдлаар 300 орчим мянган хүн ажилладаг гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг задалбал, 69 мянга нь төрийн жинхэнэ албан хаагч, 178 мянга орчим нь төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудад 75 мянга орчим албан хаагч байна.
Монгол Улсын хэмжээнд нийт ажиллах хүчнийхээ 18 хувийг төрийн албан хаагч бүрдүүлж байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон хөгжсөн улсуудын жишгээс үзэхэд нийт ажиллах хүчнийхээ 15 хувийг төрийн албан хаагч оногдож байвал илүү зохимжтой хэмжээ гэж үздэг бөгөөд бид гурван хувиар хэтэрсэн байна.
Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд 15 хувийн хязгаарлалтыг тогтоож, энэ хүрээнд барих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны төвшинд хийх шинэчлэлийн бодлогын үндэс нь байна. Төсвийн зардал 37 хувьтай байгаа байдал нь бид хэт үрэлгэн зардалтай төрийн байгууллага гэж дүгнэгдэх хэмжээнд ойрхон хүрчээ. Засгийн газрын зүгээс 2024 оны төсвийн төсөөллийг гаргахдаа, ажлын төлөвлөлтийг хийхдээ төрийн албаны бүтэц, орон тоог тооцож төлөвлөхдөө хэвийн буюу 30 хувьд нь авчирах зорилтыг хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд төрийн албаны салбар чиглэл бүрд тодорхой хэмжээний либералчлалын бодлого барина” гэв.
А.Болдбаатар
Сэтгэгдэл (1)