УИХ-ын Хаврын чуулган эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Цар тахлын аюул цаашилж, эдийн засаг тогтворжсон, сэргэлт эхэлсэн, урин дулаан цаг наашилсан энэ үед Хаврын чуулганаа эхлүүлж байна. 2022 оны Намрын чуулган хоёр сар гаруйн өмнө өндөрлөсөн ч УИХ-ын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол, зөвлөлдөх санал асуулга, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөлөө. Гишүүд маань тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонслоо. Гурван чиглэлээр 10 багц хуулийн асуудлыг Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Санал асуулгын үр дүнгээр 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амилуулах, хэрэгжүүлэх хуулиудыг яаралтай хэлэлцэн баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн. Жишээлбэл, байгалийн баялагаас ард иргэд тэгш хүртэх, хүртээмжтэй байх, үндэсний баялагийн сан байгуулах, үндэсний баялагийн сангийн удирдлага нь мэргэжлийн, төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэх асуудлыг оролцогчдын 90 гаруй хувь нь дэмжсэнийг УИХ, Засгийн газар анхааралдаа авах ёстой. Үндэсний баялагийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, Хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд, гишүүд онцгойлон анхаарах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн үгнийхээ эхэнд онцлов.
А.Сүх