Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр эхэллээ.
АСЕМ-ын хүрээнд олгосон нийт 16 зээлдэгчид олгогдох 108.4 тэрбумын зочид буудлын зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таныг ер нь МSC групптэй холбоотой гэж ярьдаг. Сонин хэвлэлээр ч гардаг. Энэ чинь үнэн юм уу, яагаад энэ компанид давуу эрх үүсгээд 125 тэрбум төгрөг олгосон бэ. Түүний 92 тэрбумыг энэ компани өөрийнхөө арилжааны зээл бондын төлбөрт зарцуулж, амины орон сууц барьчихсан. Гадаадын том хэмжээний арга хэмжээ зохион байгуулах гэдэг сайхан зорилго мөрөөдөл, зорилтын дотор тухайн хуулийн этгээдэд давуу байдал олгоод арилжааны банкуудад давуу байдал олгож хүүгийн зөрүүнээс нэгдүгээрт, ашиг хийх боломж олгосон. Ингэхдээ 25 тэрбум шүү. Хоёрдугаарт, энэ компани амины орон сууц барьж байна. Төрийн тусгай хамгаалалттай Богд хан ууланд яагаад энэ компаниудад 10 мянган га-аар зээл өгөөд, амины орон сууц бариад, өөрсдөө амьдардаг ийм давуу байдал яагаад олгоод байгаа юм бэ гэдэг ерөнхий асуулт асуулаа.
Сангийн сайд асан С.Баярцогт асуултад хариуллаа.
Тэрбээр "Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би МSC компанитай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, түр хорооны дарга гишүүд асуудлаа сайн судал. АСЕМ-ыг байгуулах ажлын хэсэг Гадаад хэргийн яаманд байгуулагдсан. Бүх Засгийн газрын хурал болон үндэсний зөвлөлийн хуралд оруулж ирж буй материалыг Гадаад хэргийн яамнаас оруулж ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга нь ажлын албаны дарга байсан. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд тэнд ажиллаж байсан. АСЕМ-ийн санхүүжилт хувийн хэвшлээс, тэр битгий хэл гадаадын зээл тусламжаас бүрдсэн. АСЕМ-ыг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн гэж ойлгож болохгүй. АСЕМ сан гэж байгуулагдаад Монгол Улсын иргэд, хувийн хэвшлээс хандив дэмжлэг ирсэн. Тэгэхээр, Засгийн хуралдаанд оруулж ирсэн бүх материал Гадаад хэргийн яамнаас орж ирсэн. Тийм ч учраас материал бүрийн ард Гадаад хэргийн сайдын гарын үсэг байгаа. Би Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын даргын хувьд мөнгөний эх үүсвэр хүүгийн хэмжээ хугацаанд л оролцоотой байсан. Ийм маягаар асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр энийг төр аваад хийсэн бол төр маш үнэтэй 53 байшинтай хоцрох байлаа. Өөрөөр хэлбэл, Лаосын алдааг давтах байсан. Эрсдэлийг хувийн хэвшилдээ үүрүүлсэн учраас энэ төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төслөөс болж Хөгжлийн банкинд алдагдал хохирол ерөөсөө учраагүй" гэв.
Д.Батчулуун