Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр эхэллээ.
Сонсголын эхэнд АСЕМ Виллагийн зарцуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: АСЕМ буюу Ази Европын дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн түр хорооны хүрээнд энэ хуралдааны улс төрийн бусад үр дүн ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн арга хэмжээг зохион байгуулсантай холбоотой Хөгжлийн банкны эх үүсвэр гарсан. Түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж байна. Уг уулзалтыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр зохион байгуулъя гэдэг шийдвэрийг хэзээ яаж шийдсэн бэ?
С.Баярцогт: Өнөөдөр Монголчуудын хувьд түүхэн тэмдэглэлтэй өдөр тохиож буй учраас сэдвийн гадуур ганц зүйл хэлэхийг хүсч байна. 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Энэ гэрээ Монголчуудын хувьд гурван УИХ, таван Засгийн газар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ болсон. Оюутолгойн үйлдвэрлэл ил болон гүний уурхайгаас бүрддэг. 20 хувь нь ил уурхай, 80 хувь нь далд уурхайгаас бүрддэг.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: С.Баярцогт сайдаа нотлох баримтын хүрээнд яриарай.
С.Баярцогт: Би яагаад энийг ярьж байна гэхээр найман жилийн өмнөх асуудлыг надаас асууж байна. 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулаад гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил жигдрээд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байгаа өдөр юм. Оюутолгойн гэрээг байгуулсан УИХ, Засгийн газрын зүгээс Монголын нийт ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АСЕМ гэдэг бол Ази, Европын дээд хэмжээний уулзалт. Европын 30, Азийн 21 орон олон улсын хоёр байгууллага орсон маш том нээлттэй платформ байгаа. Ингээд 12 жилийн дараа Монголд дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломж бүрдсэн. АСЕМ-ийг улс төрийн дэлхийн олимп гэж үздэг.
Ер нь дэлхийн хүн төрөлхтөн олимпын тоглолтыг дөрвөн жилд нэг удаа хүлээдэг. Дэлхийн экспог таван жилд нэг удаа хүлээдэг. Энэхүү уулзалтыг зохион байгуулалт сайтай хийхгүй бол улс орнууд ашиггүй гардаг тохиолдол бий болдог. 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулах, АСЕМ-ийн 11 дэх хэмжээний дээд хэмжээний уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг Ерөнхийлөгчийн зарлигаар гаргасан. Ажлын хэсэг, Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулсан. Үндэсний зөвлөлийн орлогчоор гадаад хэргийн сайд, ЕТГ-ын Тамгын газрын даргыг томилуулж ажиллуулсан. ЗГХЭГ-ын дарга Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. Дараа нь АСЕМ-тай холбогдуулаад Монгол Улсыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэх үед 21 дүгээр зүйлд Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт чиглэлийн энхийг эрхэмлэсэн, нээлттэй идэвхтэй олон тулгуурт гадаад бодлого явуулна гэсэн бүлгийн 21.1.4-т уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулах ийм шийдвэрийг УИХ гаргасан" гэв.
Д.Батчулуун