Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өчигдөр (2023.03.09) манай улсад ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн Н.Р.Будуевтай уулзлаа.
Төрийн Думын гишүүн, Байгаль нуурыг хамгаалах дэд хорооны дарга Н.Р.Будуев дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурыг бохирдлоос хамгаалах асуудалд түлхүү анхаарал хандуулан ажилладаг гэлээ. Тэрбээр, Байгаль нуурыг хамгаалахад ОХУ жилд 10-20 тэрбум ам.доллар зарцуулдгийг дурдаж, тус нуурын усанд фосфор агуулсан бодис хаях, мөн эрэг орчмоор нь хуванцар сав болон нэг удаагийн уут, сав хэрэглэхийг хориглох тухай хуулиудыг баталсан гэж танилцуулав.
Г.Мөнхцэцэг гишүүн Улсын Их Хурлаас 2019 онд Хуванцрын хэрэглээг хязгаарлах тухай хууль баталсныг онцолж, усны асуудлаар болон цөлжилттэй тэмцэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (2)