Мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад руу оргон зайлсан этгээдүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улс орноос авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах чиглэлийг өглөө. Энэ чиглэлийн дагуу УЕПГ, АТГ, ЦЕГ-уудад албан бичиг хүргүүлсэн. Хариу ирсэн албан бичгүүдэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига албан тушаалтын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Тухайлбал, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй юм. АТГ-ын удирдлагуудтай уулзаж, энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг УЕПГ-т хүргүүлж байгаа. Ингээд нийт 92 хүнийг гадаад улсаас эргүүлэн авчирах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах болж байна.
Хоёрдугаарт, өнөөдөр УЕП-т албан бичиг хүргүүлж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээ нь хэрэгжихгүй байна. Хилээр гарч олрохыг хориглочихоод байхад гадаад улсууд руу зорчоод байна. Тиймээс энэ хүмүүст мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж бий юу гэх бичгийг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.
Монгол Улс 23 улстай эрхзүйн талаар харилцан туслах гэрээтэй. Эдгээр улсуудад эрхзүйн туслалцаа үзүүлээч хэмээн бичиг явуулна. Оргон зайлсан хүмүүсийн 80 гаруй хувь нь аль улсад амьдарч байгаа эсэх мэдээлэл бий. Судалсан туршлагынхаа хүрээнд хамтарч ажиллаж эдгээр хүмүүсийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдэнэ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан. Одоо АНУ-д байгаа юм билээ. Н.Удаанжаргал өнгөрсөн намар солонгос чиглэлд явсан.
Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчрах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээр нэр дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)