Долоо хоногийн онцлох хүн” буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг.
Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа түүнийг шүүх хурал энэ долоо хоногт болсон нь анхаарал татах сэдэв мөн байлаа. Гэхдээ Н.Алтанхуяг гэдэг хувь хүн нь бус Засгийн газрын олонхиороо гаргасан шийдвэр дээр Ерөнхий сайд байсан хүн яллагдагч болж байгааг яаж шийдвэрлэх нь цаашдаа Монголын улс төрд ямар жишиг тогтоох вэ гэдэг нь анхаарлын төвд байв. Учир нь, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Засгийн газрын 299 дүгээр тогтоол буюу Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын шийдвэрээр яллагдагчаар татаж байгаа нь түүний өмнөх болон түүний дараах үе үеийн Ерөнхий сайд нарыг Засгийн газрын тогтоолоор яллаад байх “боломж”-ийн суурийг тавьж буй хэрэг юм.
Уг нь Засгийн газрын шийдвэрээр Ерөнхий сайдыг яллахгүй байх Үндсэн хуулийн хамгаалалт ч буй. Энэ нь Үндсэн хуулийн 45.1 дүгээр заалт бөгөөд “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, 45.2 “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд заасан байдаг.
Ийм байхад Ерөнхий сайд асныг Засгийн газрын шийдвэрээр яллагдагчаар татаад байгаа бөгөөд хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан хэрэгтнээр татсан гэдэг ч Засгийн газрын энэхүү 299 дүгээр тогтоолд “Хөгжлийн банк” гэсэн үг өгүүлбэр ч байдаггүй юм.
Н.Алтанхуяг гишүүн шүүх хуралдаан дээр шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргахдаа “Жил гаруй хэрэгтэн гэж зарлачихаад шүүх хурлаа хаалттай хийхийг эсэргүүцэж байна. Надад хөгжлийн банкнаас авсан зээл, өгсөн хамсаатан байхгүй. Засгийн газрын гаргасан шийдвэрээр яллах гэж байгаа бол шүүх хурлаа олон нийтэд нээлттэй, ил тод явуул. Энэ нь цаашдаа Монголын төрд хэрэгтэй” гэж байгаа нь дан ганц амин хувиа хичээсэн бус ийм буруу жишиг тогтоох гэж байгааг олон нийтэд ил тод хариуулаасай гэж хүссэнийх бизээ.
Товчхондоо Монголын төрд зүтгэсэн үе үеийн Ерөнхий сайд нар Засгийн газрын шийдвэрээр яллагдагчаар татагддаг байх эсэх нь Н.Алтанхуяг дээр алх цохих эсэхээс хамаарах болчихоод байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)