Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УДШ-ээс гаргасан мэдэгдэлтэй танилцсан. Иймээс хариу мэдэгдэл гаргаснаа танилцуулъя. УДШ дахин нэг удаа хууль зөрчиж яаран сандран мэдэгдэл гаргах болсон байна. Дээд шүүхээс улс төрийн намын бүртгэл хөтлөх эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь үндэслэлгүй гэж үзэн бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл УДШ мэдэгдэл гаргаснаараа Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бидний нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэхэд нь саад болох, Захиргааны хэргийг шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн увайгүй оролдлого боллоо. Энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж бид дүгнэж байна.
Шүүн таслах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нөлөөлөх ёсгүй. Дээд шүүх биднийг олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл хийсэн. Түүнчлэн Улсын Дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан мэтээр мэдэгдэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй.
Улсын дээд шүүх хуулийг хангах үүрэгтэй байгууллага болохоос биш аль нэг байгууллагын дотоод маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байгууллага биш.
Улс төрийн намыг бүртгэл хөтлөх журам, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтуудыг УДШ ноцтой зөрчсөн. Хууль бус үйл ажиллагаа нь хэрээс хэтэрч байгааг өмнө хэлж байсан. Өнөөдөр ч энэ байр сууриа нотолж байна.
УДШ улс төрийн захиалгаар Улс төрийн намуудын бүртгэлийг будилуулдаг, намын эрх мэдлийг дотор нь хүчээр, захиалгаар шилжүүлдэг бусармаг үйл ажиллагаа явж байгаа. Мөн Дээд шүүхийн зарим шүүгчдийн холбогдсон, ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэсэн мэдээллийг өнөөдрийг хүртэл шалгуулахгүй байгаа. Өөрсдийгөө хамгаалж асуудалд хандаж байна.
Иймээс нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан УДШ-ийн хууль бус захиргааны актыг хянуулах гэж өгсөн үйл ажиллагаанд дээд шүүх нөлөөлөхгүй байхыг хатуу анхааруулж, шаардаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)