Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлиллаа. Айлчлалын хүрээнд монгол иргэдэд визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн.
Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёль улсынхаа Ерөнхий сайд, Хууль зүйн сайд болон холбогдох албан тушаалтнуудад Монгол Улсын тавьсан саналын дагуу визгүй болох нөхцөлийг судалж, богино хугацаанд танилцуулах үүргийг өгсөн байна. Энэ ажил эрчимжиж БНСУ-ын хууль зүйн сайд, ГИХГ-ын дарга тэргүүтэй зочид гуравдугаар сард манай улсад айлчлах тов нь гарлаа." гэв.
Д.Батчулуун