Авлигатай тэмцэх газраас өчигдөр Нүүрсний гэх хэргийн талаар мэдээлэл хийсэн билээ. Мэдээлэлдээ уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүдийн нэрийг зарласан юм. Тухайлбал, Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татсан бол Эрүүгийн цагдаагийн газраас УИХ-ын Н.Наранбаатарыг яллагдагчаар татсан байна. Ийнхүү уншигч та бүхэнд нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан дээрх зургаан гишүүний хэрэгт хэрхэн холбогдсон үндэслэл болон яллагдагчаар татагдахаас өмнө олон нийтэд байр сууриа хэрхэн илэрхийлж байсныг эргэн сануулъя.
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх,
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан,
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан,
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татагдсан байна.
Тэгвэл тэд яллагдагчаар татагдан шалгуулахаас өмнө олон нийтэд хэрхэн байр сууриа илэрхийлж байсныг хүргэе.
-А.Адъяасүрэн: Цаг хугацаа бүгдийг шүүдэг-
Тэрбээр “Бизнес эрхлэгчид улс төрийн салбарт орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн. 2000 мэргэжилтнийг би ажлын байраар хангасан. Би ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Ичсэн хүн хүн ална гэгчээр тээврийн компани, бизнес эрхлэгчид рүү, жолоочид руу дайрч эхэллээ. Сүүлийн зургаан жил хэн засаг, тамга барилаа. Яагаад ард түмний амьдрал ийм байна вэ. Хулгайч нь хэн гэдгийг ард түмэн мэдэхийг хүсэж байгаа.
Би шалгуулахад бэлэн. Бусад УИХ-ын гишүүдийн хамт шалгуулж болно. Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагаж ирсэн. Энэ бүхнийг би улс төрч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд миний сонгосон зам хэмээн өдийг хүртэл чимээгүй явсан. Би хулгай, луйвар хийсэндээ чимээгүй явсан юм биш. Үнэн мөнийг дэнслэх ёстой. Цаг хугацаа бүгдийг шүүдэг” гэсэн юм.
-Ш.Раднаасэд: Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо-
Тэрбээр "Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо. Би уг нь хууль хяналтынханд итгэж байсан юм. Одоо нүүрсний асуудлыг сайн судалж үзлээ. Түр хороо нэлээн нухацтай үзмээр байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд 86 сая тонн нүүрс буюу 12.8 их наяд төгрөгийн нүүрсийг Монгол Улс зарсан байна.
Бид гадаа -30 градус хүйтэн байгаагаас илүү цэвдэг байна. Хулгайч нар ичихгүй бол би зарлана шүү" гэв.
-Н.Наранбаатар: Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй-
Тэрбээр "Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан нэр оруулсан байх. Түр хороонд би ажиллаж байгаа. Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр нь хаяж байгаа байлгүй гэж бодож байна. Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байна. Хуулийн байгууллагаас мэдүүлэг авсан, шалгасан зүйл байхгүй. Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй. Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ" гэв.
-Т.Аюурсайхан: Нүүрсний хулгайн жинхэнэ эздийг олох ёстой-
Тэрбээр “Нэр бүхий албан тушаалтан болон зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан миний биеийг ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг болон удирдлагуудтай нь хувийн байдлаар хамаатуулж, хуйвалдсан мэтээр ойлголт өгсөнд харамсч буйгаа илэрхийлье. Өнгөрсөн бүх хугацаанд миний бие аливаа байгууллагад танил талаар дамжуулж хууль бус үйлдэл хийж байгаагүй бөгөөд төрийн албыг хувийн харилцаатай хэзээ ч хольж хутгаж байгаагүй. Энэ байр суурин дээрээ цаашид ч хатуу зогсох болно.
Нүүрсний хулгайн асуудлаар гүйцэтгэх шатны хүмүүсийг оролдоод байна, жинхэнэ эздийг нь олох ёстой гэсэн олон нийтийн байр суурьтай би бүрэн санал нэг байна, энэ чиглэлээр бодит үр дүн гарна гэж итгэж байна” гэсэн юм. Үүний дараа тэрбээр Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний эрхээс татгалзах өргөдлөө өгөөд байгаа билээ.
-Ж.Мөнхбат: Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй-
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд намайг концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар маш их явууллаа.
Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан, гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас хэрвээ намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард байж нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно” гэв.
-Б.Энх-Амгалан: Надад айж ичих зүйл алга-
"Авлигатай тэмцэх газраас хэнийг шалгаж байгаа эсэхийг авсан нь зүйтэй. Одоогоор надаас мэдээлэл авч, асууж тодруулж, шалгасан зүйл алга. Би Дарханы замын асуудлаар олон удаа мэдээлэл өгсөн. Тийм учраас өгсөн мэдээлэл, ярилцлагууд пэйж дээр байгаа. Бүх юмны учир олдож, үнэн нь тайлагдах байх. Хэрэгтэй гэвэл миний өрөө тасалгааг үзнэ л биз.
Би бүх материалаа тарааж өгөхөд бэлэн. Ер нь буруутныг шалгаж тогтоох ёстой. Тийм учраас нэгжлэг хийлгэх хэрэгтэй. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сард Дарханы замын бүтээн байгуулалтын гэрээ хийсэн. Тэр үед би Зам, тээврийн хөгжлийн сайд байгаагүй. Надад айж ичих зүйл алга” гэх хариултыг өгч байв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)