Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Ерөнхий сайдтай Нийслэлийн Ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, 2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөг энэ ондоо багтаан батлуулахаар боллоо.
Нийслэлд байдаг гол хүндрэлтэй асуудлуудын нэг бол газрын асуудал байдаг. Тиймээс өргөн барьсан хуультай уялдуулан төлөвлөлт хийгдсэн газар газар олгодог болох шийдэлд хүрсэн. Тиймээс Газрын багц хуулийг эгүүлэн татаж, нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийж, төлөвлөлтийн дагуу шинэ газар олголт хийхээр болсон.
Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэдээс ирж буй шүүмжлэлтэй асуудлыг эцэслэн шийдэж, нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийе гэж шийдээд эргүүлэн татаж байна. Энэ асуудлууд шийдэгдсэний дараа дахин хэлэлцэнэ.
Нийслэлийн замуудын төлөвлөлт хийгдэнэ. Тухайлбал Сэлбийн гол дагуу, Туулын гол дагуу зам тавигдана. Яармагийн замыг өөр замтай холбох төлөвлөлт хийгдэнэ. Гэхдээ энэ бүгд төслийн хүрээнд яригдаж байна. Одоогийн байдлаар эцэслэн батлагдаагүй" гэв.
Д.Батчулуун