Улсын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг тус санал асуулгын Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгсөн юм. Үүнтэй холбогдуулан Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатартай уулзаж, зарим зүйлийг асууж тодруулав.
-Саяхан улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж өндөрлөсөн. Таны хувьд уулзалтыг хэр үр дүнтэй болсон гэж бодож байна вэ?
- "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын хамгийн гол онцлог нь жирийн иргэд төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд оролцсон явдал юм.
Өмнө нь иргэд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож санал өгч, төрийг төлөөлөх хүнээ сонгож, сонгох эрхээ эдэлдэг байсан. Гэхдээ үүнд улс төрийн аль нэг нам, эвслээс юм уу эсвэл хэн нэгний санал болгосон хүнийг, намыг, эсвэл мөрийн хөтөлбөрийг уншиж сонголтоо хийдэг.
Тэгвэл Зөвлөлдөх уулзалт үүнээс өөр. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монгол Улсын хөгжил, ард түмний амьдралд тодорхой шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудыг олон талаас нь ярилцаж, шийдвэрлэж, төрийн бодлогод тусгуулахаар оролцсоноороо онцлогтой. Энэхүү үйл ажиллагаанд аль нэг улс төрийн нам, удирдах албан тушаалтан, дарга оролцсонгүй. Харин Үндэсний статистикийн хорооноос явуулсан санамсаргүй түүврийн аргаар бодитой, шударгаар иргэд сонгогдож, оролцсон. Тийм учраас Зөвлөлдөх уулзалтад иргэд маш идэвхтэй, зүтгэлтэй оролцсон юм. 801 иргэнээс хурал тасалсан, цалгардуулсан хүн байсангүй. Бие биеэ хянаад багаараа маш сайхан зөвлөлдөж, асуудалд их нухацтай хандсан.
Өөрөөр хэлбэл, Зөвлөлдөх уулзалт гэдэг маш хэрэгтэй механизм юм байна. Иргэдэд эхлээд тодорхой асуудлаар мэдээлэл, ойлголт өгөөд дараа нь саналыг сонсож, төрийн бодлого, шийдвэр гаргахдаа тэдний саналыг тусгах нь зөв хэлбэр юм.
-Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өгсөн. Та бүхэн тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах зөвлөмжийг боловсруулсан. Энэхүү зөвлөмжийн агуулгын талаар товчхон мэдээлэл хуваалцахгүй юу?
-Бид дөрвөн бүлэг 22 асуудлыг тусгасан зөвлөмжийг боловсруулан өгөөд байна. Улсын Их Хурал хаврын чуулган эхлэнгүүт нэн яаралтай авч хэлэлцэх байх. Энэхүү зөвлөмжид Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаарх санал, байр суурийг тусгасан.
-Өнгөрсөн хугацаанд Зөвлөлдөх зөвлөл маш шаргуу ажилласан. Таны хувьд энэ баг хэр ажилласан гэж дүгнэх бол…?
-Зөвлөлдөх зөвлөл асуудалд маш ажил хэрэгч хандсан. Бид санал нэгдэж байна, цааш нь явъя гэж нэг ч асуудал дээр хөнгөн хандаагүй. Асуудал, асуулт бүрд Зөвлөлийн гишүүд санал хэлж, олон янзын байр суурь илэрхийлж, гарах үр дагаврыг нь нарийвчлан тооцож ярьцгаасан.
Сая зөвлөмжийг гардуулах үед Улсын Их Хурлын дарга, та бүхний ажил ингээд дуусаагүй шүү. Та бүхэн Ажлын гурван хэсэгт хуваагдан ажиллаад Зөвлөлдөх санал асуулгын Зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа болон цаашид хэлэлцэх хуулиудийн төслүүдэд хэрхэн тусгах талаар тодорхой санал оруулж ирэхийг хүссэн.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (2)