Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулахын өмнө шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан юм.
Уг зөвлөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан, тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ёстой бөгөөд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй гэж заасны дагуу дараах 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич, доктор, шинжлэх ухааны профессор Г.Чулуунбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлсэн юм.
Тэрбээр монгол төрийн бодлогын нэн тулгамдсан асуудлаар зөвлөлдөн хэлэлцэхээр өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ тээж энэ танхимд хуран цугласан зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчдод Зөвлөлдөх зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Танхимд хүрэлцэн ирсэн зөвлөлдөх уулзалтын оролцогч нэг бүр Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохыг зөвшөөрч, ард түмнийхээ нэгэн чухал төлөөлөл гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Бүх нийтээрээ хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх санал асуулга бол төрийн бодлого, үйл ажиллагаа болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдтэйгээ зөвлөлдөж, тухайн асуудлын учир шалтгаан, шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замын талаар харилцан ойлголцож шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн дарга дурдав.
Зөвлөлдөх ардчиллын орчин үеийн онолд суурилсан зөвлөлдөх санал асуулгын энэ хэлбэрийг эдүгээ дэлхийн олон улс оронд хэрэглэдэг байна. Манай улсын хувьд орон нутгийн түвшинд 2 удаа, улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь юм. Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг( зорилтоо биелүүлэхийн төлөө Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөж, бүхий л бололцоогоо дайчилж байгааг тэрбээр нээлтийн үгэндээ тэмдэглэн хэллээ.
Тус зөвлөл байгуулагдсан өдрөөсөө хойш нийт 9 удаа хуралдаж, дотоод зохион байгуулалт, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, зөвлөлдөх санал асуулгын үе шат, санал авах өдрийг тогтоох техникийн хяналтын комисс байгуулах, хоёр дахь шатанд сонгогдсон иргэдэд тухайн сэдвээр мэдээлэл өгөх, судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллагын албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхй этгээдэд санал болгох зэрэг хуульд заасан тодорхой асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргасан байна.
Цаг хугацаа шахуу, сэдэв, асуудал олон талтай, өргөн хүрээтэй байсан учраас санал асуулгын асуулт боловсруулах ажил Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хувьд амаргүй байсан гэдгийг Г.Чулуунбаатар дарга хэллээ. Зөвхөн энэ асуудлаар 6 удаа хуралдаж, асуудлыг олон талаас нь нухацтай тунгаан ярилцахдаа асуудлын томьёолол тус бүрийн талаар гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, санал хураан олонхын саналаар эцэслэн шийджээ.
Санал асуугын асуултуудын анхны хувилбарыг “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл”” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын хэлэлцүүлгийн бүрэн хэмжээний тэмдэглэл болон түүнийг нэгтгэсэн Улсын Их Хурлын Тамгын газрын суурь мэдээлэл гол хэрэглэгдэхүүн болсон гэв. Дээрх хоёр арга хэмжээнд нийт 800 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй хүн үг хэлж, нийт 600 гаруй санал дэвшүүлсэн байсан. Үүний зэрэгцээ мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаас цахимаар санал авах ажлыг Зөвлөлдөх зөвлөл зохион байгуулжээ.
Дээрх өгөгдөлд тулгуурлан асуултын анхны хувилбарыг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Тус хороо асуултуудыг туршсан бөгөөд холбогдох санал ирүүлсний дагуу зөвлөл дахин нягтлан, засварлаж 20-ны өдөр эцэслэн баталжээ.
Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг чанд баримтлан, улс төрийн нөлөөллөөс ангид, шинжлэх ухаан байх, хувь гишүүний итгэл үнэмшилд хөтлөгдөхгүй, улс орны хөгжилт, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэх, хууль дээдлэх, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг чухалчлах, бусдын үзэл бодолдхүндэтгэлтэй хандаж тайлбар үндэлслэлийг анхааралтай сонсож ярилцах зэргээр ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал бүрдүүлэн ажиллахыг хичээн ажилласан болохыг Зөвлөлдөх зөвлөлийн дарга хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Та бүхэн хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автахгүйгээр зөвлөлдөх уулзалтынхаа бүхий л шатны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэний хувьд төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ бодитойгоор хэрэгжүүлнэ гэдэгт бүрнээ найдаж байна” гэлээ.