Засгийн газрын хуралдаанаа гаргасан шийдвэрийн танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Биржийн тухай хууль батлагдсан. Энэ хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Монголын Хөрөнгийн биржийг түшиглээд нүүрсээ зарна гэсэн шийдвэрийг гаргалаа. Маргааш "Эрдэнэс Монгол" ХК гурван удаагийн дуудлага худалдаагаар 140 орчим мянган тонн нүүрс биржээр зарахаар төлөвлөгдөж байгаа. Энэ нүүрс бол нэг сарын нүүрс юм.
Долоодугаар сарын 1 гэхэд 12 тонн нүүрсийг биржээр зарахаар ажиллаж байна. 2024 ондоо багтаад 50,60 хувьд хүргэх, 2025 онд мөн нэмэгдүүлээд явах зорилт тавин ажиллаж байна.
Бага багаар нэмэгдүүлж байгаа шалтгаан бол бондын асуудал юм. Бусад улсын жишгийн дагуу нүүрсээ биржээр зардаг болно. Үүнтэй зэрэгцээд борлуулж буй бүх металлыг биржээр зарах төлөвлөгөөтэй байна. Нүүрсийг авлига, түүнээс үүсэх хардалт дагалддагийг бүгд мэдэж байгаа. Тиймээс бид олон улсын жишигт нийцүүлж Хөрөнгийн биржийг түшиглэн нүүрсээ зарна. Хэрэв тусдаа бирж байгуулбал урьдчилсан тооцооллоор 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө санхүү, боловсон хүчин шаардлагатай байсан. Тиймээс Хөрөнгийн биржийг түшиглэсэн нь давуу талтай. Мөн авлигатай тэмцэх жилийн хүрээнд энэ шийдвэр ач холбогдолтой" гэв.
Д.Батчулуун