Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрч, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.
Т.Доржханд: Та бүхэн үнэхээр Олон улсын байгууллагаас мөнгө авахдаа мэдээллээ нуудаг байсан юм уу?
Б.Чойжилсүрэн: Т.Доржханд гишүүн ээ, хэтрүүлж байна. Намайг байхгүй хооронд ийм зүйл болсон байна лээ. Гэхдээ бид нэг зүйлийг хзсэхгүй байсан. Олон улсын валютын сан Хөгжлийн банк хүндэрчихсэн байгааг мэдэж байсан. Бонд эзэмших хөрөнгө оруулагч нарын дунд бодит байдлаас давуулсан сөрөг мэдээлэл цацчихвий гэсэн болгоомжлол байсан. 2016 онд намайг Сангийн сайд байхад 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.доллар төлөх хугацаа тулчихсан байсан. Та ч үүнийг мэднэ. Энэ хөтөлбөрт орох олон шалтгааны нэг нь энэ байсан. Ганцхан шалтган биш л дээ. Өөр олон шалтгаан байсан.
Т.Доржханд: Тухайн үеийн ажлын хэсгийн ахлагч нь ирээд мэдээлэл өгч байна. Гурван их наядыг нь төсвийн эргэн төлөлтөөр санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банк нь өндөр хүүтэйгээр долларын зээл аваад төсөвт оруулахыг Сангийн яам зөвшөөрдөггүй, гарын үсэг зурдаггүй байсан. Сангийн яам үүрэг хүлээсэн үү?
Б.Чойжилсүрэн: Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжилтэй хүн биш. Хуульч хүн байх гэж бодож байна. Өөрийнх нь бодол байж магадгүй. Хөрөнгө оруулагч нарт бодит байдлыг хэт муутгасан мэдээлэл цацахыг үгүйсгэхгүй гэж үзсэн.
Хоёрдугаарт, 2012-2016 онд төсөв, төслийн зээл байсан. Б.Энхбаяр даргатай ажлын хэсгийн шалгалтын дүн гарсны дараа төслүүдийг төсөв рүү шилжүүлж аваад байхад Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт нь хүссэн хэмжээнд хүрэхгүй байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банк руу нэг их наяд төгрөг Засгийн газраас хийж байж Хөгжлийн банкийг дампууруулалгүйгээр авч гарсан. Монгол Улс дампуурах уу, эс дампуурах уу гэдэг сонголтын өмнө ирсэн учраас төсөв рүү шилжүүлж авсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)