Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын зүгээс төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгах, авлигагүй, нээлттэй ил тод нийгмийг бүтээх зорилгын үндсэн дээр шат дараалсан арга хэмжээ авч байгаа. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. 3400 орчим хүн анкетаа ирүүлсэн. Шалгалтад орох эрхтэй 2084 хүн тодорч үлдсэн. Үүнээс 1215 хүн тестийн шалгалтад оролцсон. 800 орчим хүн шалгалтад орсонгүй. Төрийн зүгээс анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь олон нийтийн дунд эргэлзээ байсан байх. 1215 хүн тестийн шалгалтад ороод, үүнээс 434 хүн ярилцлагын шалгалтад орсон.
Ярилцлаганд орсон хүмүүсийн хамгийн өндөр оноо авсан хүмүүс ажлын байрандаа очно. Төрийн зүгээс хяналт тавих зорилгоор оролцсон. Энэ арга хэмжээнд төрийн зүгээс болон байгууллагуудын зүгээс ая холбогдол өгөн амжилттай зохион байгуулж чадлаа.
Мөн цаашид "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компаниудын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулдаг журмыг батална. ТУЗ-ийн бүрэлдэхүүн, хараат бусаар ажиллах гишүүдийг сонгон шалгаруулах шинэчилсэн журмыг оруулна.
"Эрдэнэс Монгол" ХХК өнгөрсөн 15 жилийн хугацаанд улс орны хөгжлийн манлайлах үүрэгтэй нэгжүүдийг бий болгох зорилготойгоор ажиллаж ирсэн. Харамсалтай нь хангалттай хэмжээний төсөв хөрөнгөгүйн улмаас төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаггүй байсан. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Засгийн газрын хуралдаанаар дүрмийн өөрчлөлт хийгээд цэвэр менежментийн компани болгосон. Харьяандаа байгаа 34 охин компаниасаа менежментийг төлбөрийг хоёр хүртэлх хувиар авах бөгөөд түүгээрээ нэгдсэн стратеги боловсруулж ажиллана. Ингэснээр 2023 оноос эхлэн Эрдэнэс Монгол компани 200 орчим тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй болоод түүгээрээ дамжуулж улс оронд хэрэгцээтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)