Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрчээс асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Хамгийн ноцтой асуудал бол нууцалсан явдал. 1,3 их наяд төгрөгийг 2016 онд зөрчил байна гээд холбогдох газар нь мэдээллээд арга хэмжээ авах ёстой. Энэ байдал гацсан байна. Гацсанаас болоод энэ банк дампуурсан байна. Асуудлын гол бол яагаад нууцалсан юм бэ? Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирох гэж яваад, хөтөлбөр гацах магадлал байгаа учраас энэ асуудлыг нууцлах ёстой гэж үзсэн байна. Яагаад өргөтгөсөн хөтөлбөр оруулах хэрэгтэй вэ гэхээр Монгол Улс дөрвөн төсөвтэй байсан. Дампуурсан байсан. Дөрвөн төсвийн нэг нь хөгжлийн банк. Тухайн үед банкуудын чадвар маш их муудсан байсан. Бакны секторыг эрүүлжүүлэх агуулга нь хөтөлбөр тэнд тусгагдаж байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар нь Олон улсын байгууллагаас 5,1 тэрбум төгрөг авъя. Ингэхдээ Хөгжлийн банкны асуудлыг нуугаад, ил байгаа юмаа ярьж байгаад авъя гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна. Та бүхэн үнэхээр Олон улсын байгууллагаас мөнгө авахдаа мэдээллээ нуудаг байсан юм уу" гэв.
Д.Батчулуун