Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран Газрын багц хуулийн төсөл болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулна.
Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай, Кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын долоон төслийн талаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг сонсож, тодорхой саналуудыг хуулийн төсөлд тусгах аж.
Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл болох 400 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна.