Гадаад Харилцааны яамны удирдлагууд "Монгол Улсын гадаад харилцааны бодлого, үйл ажиллагаа"-ны талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр иргэдийг тус улсад ойрын хугацаанд визгүй зорчуулдаг болгох санал тавихаар бэлтгэлээ хангаж байна. Эмчилгээний зорилгоор зорчиж буй иргэдийг визгүй зорчуулах, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх талаар ярилцах нь бидний эхний ээлжийн зорилго юм. Түүнчлэн олон удаа зорчсон иргэдийг хөнгөлөлттэй зорчуулах гэсэн саналыг олон жил тавьж байсан одоо бол огт визгүй байх санал тавихаар шийдээд байна.
Мөн хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй түншлэлээ хадгалж, үндэсний эрх ашгийг эн тэргүүнд тавьсан стратегийн бие даасан гадаад бодлогоо үргэлжлүүлж ажиллана.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжлийг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахад анхаарна. Тээврийн салбарыг бэхжүүлэн хөгжүүлэхэд агаарын болон авто тээврийн салбарын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бусад улстай байгуулахад ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөлөө. 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй ажлуудыг сурталчлах, аялал жуулчлалын салбарыг дэмжин ажиллана. Энэ жил хүлээн авах болон төрийн гурван өндөрлөг айлчлах 40 гаруй айлчлал төлөвлөөд байна.
Мөн дэлхийн 87 улсад 167,000 Монгол иргэн оршин сууж байна. Тэдний 125,000 нь хууль ёсны оршин суугчид байна. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2022 онд 800 иргэнд 2.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн. Тус санд 2022 онд 200 сая төгрөг, энэ онд 392 сая төгрөг төсөвлөсөн. 2022 онд 762 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон бол 144 иргэн хилийн чанадад нас барсан.
Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар 157 иргэн 17 улсад ял эдэлж байна.
Хилийн чанадад ял эдэлж буй Монгол иргэдэд консулын туслалцаа үзүүлж, ар гэртэй нь холбоо тогтоолгох, ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Хилийн чанадад ял эдэлж байгаа 132 иргэнийг Дипломат төлөөлөгчийн газруудаас эргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд 42.8 сая төгрөгийг зарцуулсан" гэв.