Түгжрэлийн асуудлаар Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Түгжрэлийн асуудал бол их төвөгтэй асуудал. Гаргасан шийдвэр бүр эсэргүүцэлтэй нүүр тулдаг. Өнөөгийн Улаанбаатарт гишгэх, зорчих газар алга. Хот байгуулна гэдгийг гишгэх газаргүй болтол нь барилга барина гэж ойлгож болохгүй. Хот гэдэг хүндээ ээлтэй, зөв төлөвлөлттэй, авто замын сүлжээ сайтай, хаягжилттай, орц гарц нь ойлгомжтой гээд наад захын олон шалгуурт нийцэх ёстой. Авто замын дэд бүтэц алга. Хот доторх болон хороолол доторх авто зам үй зайгүй сүндэрлүүлсэн барилгын бөөгнөрөлд тэлэх боломжоо хязгаарлуулсан. Нэгэнт хүн машин, барилгажилт гурав нь нэмэгдсээр байгаа нийслэлийнхний авто замын түгжрэл, түгжрэлээс үүдсэн их стрессийн үндсэн шалтгаан нь зах замбараагүй барилгажилт.
Энэ нь нэг талдаа хот өнгө төрхөө засаж, барилгын салбар тэр хэрээр хөгжиж, бүтээн байгуулалт хурдацтай өрнөж байгааг харуулж болох ч нөгөө талдаа авто замын сүлжээг өргөтгөх, хот доторх уулзвар, авто зам, тойргуудыг сайжруулахад ихээхэн хүндрэлтэй болж байгаа юм. Зам нь тэлэхгүй, нэвтрэх урсгалаа сайжруулахгүй, зогсоолын талаар яриад ч нэмэргүй, давхар замын сүлжээ мөрөөдөл болох тусам авто машины түгжрэл гамшгийн хэмжээнд хүрч байгаа юм.
Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарчуудын түгжрэлээс үүдсэн бухимдлын суурь шалтгаан нь барилгын зөвшөөрөл замбараагүй олгосон, төлөвлөлтгүй хотжилт яах аргагүй мөн. 20-иод жилийн өмнөөс л өнөөдрийн бухимдлын шалтгаан эхэлсэн байхад үүнийг тооцохгүйгээр бөглөрч байна гэж орилоод шийдлийг олохгүй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд гэхэд л нийслэлийн хүн амын тоо 310 мянгаар нэмэгдсэн гэх судалгааг харлаа. Үүнийг дагаад автомашины тоо нэмэгдэнэ. Нэгэнт үүссэн бөөгнөрлийг хэн нэгэн асуудал хариуцсан сайд, дарга даамал болоод ч шийдэж чадахгүй. Гагцхүү зөв шийдэл гаргаад, түүнээ тодорхой цаг хугацаанд гүйцэтгэж чадвал төвөггүй түгжрэлээ цэгцэлнэ" гэв.
Д.Батчулуун