Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх хоёр дахь удаагийн сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкныг шалгах УИХ-ын түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулагдаж байгаа. Эхний удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл олгосон 60 орчим компанид олгосон зээл, түүний зарцуулалтын талаар холбогдох гэрчүүдээс асуулт асуусан байдлаар зохион байгуулагдсан. Хоёрдугаар сарын 6-ны даваа гарагт эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ.
- Хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байсан байдал, дүгнэлтүүд, үр дүнг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт нь миний бие өөрөө байгаа. Мөн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зэрэг 21 албан тушаалтан асуугдана.
- Хөгжлийн банкны охин компани болох "DBM" компианаас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хянан шалгах шинжээчдийн дүгнэлтээр 10 орчим санхүүгийн түрээстэй холбоотой хэлцлүүдийг ярилцана. Үүнд 35 гэрч дуудагдана.
- Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэх асуудлыг хэлэцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 онд эргэн төлөглөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. 43 гэрчийг одоогоор дуудна. Энэ долоо хоногт нэмж дуудагдах шаардлага үүсвэл нэмж гэрч дуудна. Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга хот байгуулалтын ТНБД-аар ажиллаж байсан н.Эрдэнэбүрэн, Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, "Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Зам тээврийн яамны ТНБД-аар ажиллаж байсан н.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Намуун, Баттулгын Номин, Баттулгын Хүлэгт нарыг гэрчээр дуудна.
Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын гурван хоногт дуусах бүрэн боломжтой хэмээн харж байна" гэв.
Д.Батчулуун